Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-аас Омикрон (B.1.1.529) хувилбарын тухай МЭДЭГДЭЛ гаргажээ

ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2021 оны 11-р сарын 26-ны өдөр - ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн Ковид-19-ийн вирусийн хувьслыг судлах зөвлөх хороо SARS-CoV-2 вирусийн мутац, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг. Тус зөвлөх хороо 2021 оны 11-р сарын 26-нд SARS-CoV-2 вирусийн B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор хуралджээ.

B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11-р сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны 11-р сарын 9-ний өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давлагаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байна.

Тус хувилбарт олон тооны мутац байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.

Одоогийн SARS-CoV-2-ын оношилгоонд хэрэглэж буй ПГУ оношлуур нь Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна.

Одоогоор хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ.

Ковид -19 өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.

Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

  • SARS-CoV-2 вирусийн хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,
  • Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг GISAID зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,
  • Анхааралт татсан хувилбараар үүсгэгдсэн анхны тохиолдол болон бүлэг өвчлөлийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-д мэдээлэх,
  • Ковид-19 өвчний тархварзүй, өвчний хүндрэл, нийгмийн эрүүл мэндийн болон нийтийн арга хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, оношлуур, дархлааны хариу урвал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар лабораторийн болон талбарын судалгаа шинжилгээг хийх.

Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:

  • Ковид-19-ийн халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болох:
  • Өөрт тохирсон амны хаалт зүүх,
  • Гарын эрүүл ахуй сахих,
  • Хүн хооронд зай барих,
  • Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,
  • Хүн олонтой газар явахаас зайлсхийх,
  • Вакцин хийлгэх.

ДЭМБ SARS-CoV-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг.

SARS-CoV-2 анхаарал хандуулах хувилбар:

  • Халдварлах чадвар, хүндрэл, дархлаанаас дайжих, оношилгоо, эмчилгээний үр дүнд нөлөөлөх
  • Хүн амын дунд өргөн хэмжээний тархалт, олон тооны кластер, хэд хэдэн улс оронд үүсгэсэн, тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай, олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл учруулах тархвар зүйн өөрчлөлт илэрсэн

SARS-CoV-2 онцгой анхаарал татах хувилбар гэдэг нь дээрх өөрчлөлтүүд дээр нэмээд дараах өөрчлөлтүүдээс нэг буюу хэд хэд нь илэрсэн хувилбар:

  • Халдварлах чадвар нэмэгдсэн эсвэл КОВИД-19-ийн тархвар зүйд ноцтой өөрчлөлт гарсан эсвэл
  • Хоруу чанар ихсэх эсвэл өвчний эмнэлзүйн илрэл өөрчлөгдөх; ЭСВЭЛ
  • Халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ болон оношилгоо, эмчилгээ, вакцины үр дүн буурсан